Skip links

STRONG MANAGERS: Т.Дөлгөөнтамир, ДОТ Консалтинг ХХК

Интерьер дизайнер болохоор анх мэргэжлээ сонгож байсан ч өдгөө сонирхол, ур чадвартаа хөтлөгдөн маркетингийн салбарт ажиллаад 17 жил болсон байна.

2004 онд нэг өрөө оффис бартераар түрээслэн, хэвлэлийн компани байгуулж байсан.

Гадна хаягаа тавиад хоёр хонож байтал манай гадна хаяг Скайтел компанийн маркетингийн ажилтнуудын анхаарлыг татаж тэд миний нэг хүнтэй компанийн анхны харилцагч болж байлаа.

Улмаар Скайтелд үндсэн ажилтнаар ороод 5 жил ажилласан.

Тухайн үед багтаа цөөхүүлээ байсан учраас нэг хүнд олон төрлийн ажил оногдож, олон төрлийн ур чадвар шаардагддаг байснаар маркетер болох нууц авьяасаа илрүүлэхэд дэм болсон байх.

Мөн Юнивишн гурвалсан үйлчилгээ анх зах зээлд нэвтрүүлж байх үед тэнд ажиллаж байсан. Зохиогчийн эрхийг таниулах, контентын үнэ цэнийг бий болгох төслүүдэд гар бие оролцсондоо хувьдаа баяртай байдаг.

Дараагаар нь Өргөө кино театртай олон жил хамтран ажилласан ба саяхныг хүртэл маркетинг хариуцсан захирлаар нь ажилласан.

Холливудын алдартай найруулагч, продюсеруудыг Монголд урьж Hollywood in Mongolia, Cinema Awards үйл ажиллагаануудыг зохион байгуулсан нь миний хамгийн дуртай төслүүдийн нэг.

2020 онд олон жилийн маркетингийн ажлын туршлагатай, өөрийн төрсөн дүү болох Отгонтамиртай хамтран ДОТ Консалтинг гэдэг технологи суурьтай маркетинг үйлчилгээ үзүүлэх компани байгуулсан.

Манай онцлог нь IT платформд суурилсан, өөрийн оффисгүй бөгөөд захиалагчийн ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийн тулд 20 гаруй зайнаас ажиллах ажилтнуудад ажлуудыг задлан, өрсөлдөөнт байдлаар хуваарилдаг.

Өрсөлдөөн бол залуусыг хөгжүүлэх суурь. Нэг таскыг 2 ажилтанд зэрэг захиалаад хэн хугацаандаа амжсан, гүйцэтгэл сайтайг нь сонгодог.

Захиалагч байгууллагуудад ийм төрлийн аутсорсинг бол ухаалаг сонголт юм.

Гол санаа нь даргадаа таалагдах маркетинг хийж болохгүй. Нэг хүний өнцгөөс бус худалдан авагчдын өнцгөөс, олон бүтээлч өнцгөөс харах хэрэгтэй.

Би олон жилийн өмнө сонинд сурталчилгаа нийтлүүлэхдээ сонины редакцад илгээх имэйлээ давхар шалгаагүйгээс болж сурталчилгааны зохиол санаандгүй хамт илгээсэн нь тэр чигтээ хэвлэгдэн, хэдэн мянган хувь тараагдаж байсан.

Сайн талаас нь харвал олон хүмүүсийн анхаарлыг татаж, уншигчид өөрсдөө сурталчилгааг уншиж төсөөлөх юм байна гэж ойлгогдож тун азтай өнгөрсөн.

Иймд аливаа зүйлийг олон хувь хэвлэж нийтлэхээс өмнө өөрөөсөө гадна хамгийн багадаа 2 хүнээр шалгуулах нь маш чухал.

Миний хүмүүстэй харилцдаг харилцааны гол онцлог нь маш нээлттэй байх байдаг.

Зөв цагт нь зөвөөр нээлттэй байж, хүн болгонтой тааруулж харьцах хэрэгтэй.

Захирангуй төрлийн хүмүүстэй харилцах шаардлага гарлаа гэж бодоход чадахгүй юм байна гээд орхиж болохгүй.

Тийм төрлийн хүмүүстэй харилцахдаа маш сайн сонсогч байж, улмаар бичгэн болон имэйл харилцааруу яаралтай шилжвэл ажлын үр дүн сайн байдаг.

Шинэ санаа орж ирэхгүй мухардах үе манай салбарынханд бишгүй тохиолддог.

Ийм үед шинэ санаа олохын тулд:

  1. Тухайн сэдэвтээ цаг гаргаж, маш сайн төвлөрч, гүн судлах хэрэгтэй.
  2. Хүмүүстэй харилцах, ярилцах. Хүний ам дагаж тархи хөдөлдөг гэж үг бий.

Маркетерүүдийг анатомиор илэрхийлбэл тархи гэсэн үг.

Уламжлалт цагийн хуваарьт баригдаж ажиллах боломжгүй бөгөөд 24/7 зогсолтгүй ажилладаг гэж хэлж болно.

Маркетерууд цагийн менежмент сайн байснаар ажлын үр дүн сайн байдаг.

Жишээлбэл 7 хоногийн хугацаатай дуусгах шаардлагатай ажил байвал өөрийн ажлын хурдыг тооцоолон юуг шахах шаардлагатай, юуг түрүүлж хийх шаардлагатайг төлөвлөнө.

Маркетингийн аутсорсинг үйлчилгээ захиалахдаа эдгээрийг анхаарай:

1. Судалгаа, төлөвлөгөө болон гүйцэтгэл гурвыг аль нэгийг орхигдуулахгүй нэг гүйцэтгэгчид хариуцуулах хэрэгтэй.

2. Гүйцэтгэгч талаас мэдээлэл нууцлахгүйгээр шаардлагатай бүх мэдээллээр хангаснаар гүйцэтгэлийн үр дүн сайн байдаг.

3. Хамгийн багадаа 1 жилийн хугацаатай хамтарч ажилла.

4. Маркетингдаа хамгийн багадаа борлуулалтын 10%-ийг төсөвлө.

5. Олон нийтэд харагдаж байгаа контентуудыг хамгийн том зүйл гэж харах нь буруу. Энэ бол ердөө мөсөн уулын орой.

Leave a comment