Skip links

STRONG MANAGERS: Э.Ринчиндорж – АНДГлобал

Э.Ринчиндорж – АНДГлобал – Хамтын Ажиллагаа Хариуцсан Дэд Ерөнхийлөгч

Өмнө нь би хялбар төлбөр тооцоо хийдэг чат аппликэйшн гаргая гэсэн санаатай бие дааж, үзээд явж байсан юм. Энэ үедээ АНДГлобалын Анар захирлаас ментор зөвлөгөө авах гэж анх танилцаж байсан. Дараа нь түүний багт орж, тэрхүү Финтек салбартаа ажиллахаар шийдсэн юм.

Мөн уул уурхайн компанид цөмийн цахилгаан станц барих төсөл дээр ажиллаж байснаараа сонирхолтой байсан маань хэдий ч манай улсад байгалийн баялаг олборлохгүйгээр харьцангуй өрсөлдөж чадах гарц технологи юм байна гэж харсан.

Ажлынхаа хажуугаар Доктор хамгаалах ажлаа эхлүүлсэн, мөн МУИС-ын хуулиар сурч байна. Монголынхоо хуулийг сайн эзэмшсэн байх нь чухал юм билээ. Хуулиа сайн мэдэхгүйгээр олон шинэ ажил хийж байгаа хүнд луйвардуулах, бүр хэрэгт орох ч эрсдэл бий.

Онлайн төлбөрийг шимтгэлгүй, нэг дор бүх үйлчилгээгээ авчихдаг аппликэйшнтэй болохыг зорьсон. Үүнийгээ ч бид Lend Wallet, SuperApp дээрээ хэрэгжүүлж чадсан. Бас манай хэрэглэгчид зөвхөн утасны дугаар л шаардагддаг олон улсын хамгийн хялбар мөнгөн гуйвуулга хийх боломжтой болсон.

LendMN-ийг зарим хүмүүс мөнгө хүүлэгч гэж харддаг нь буруу гэж хэлмээр байна. Банкнаас авах боломжгүй байдаг бичил зээлийг олгож кредит скор буюу зээлийн түүхгүй хүмүүст зээлийн оноо бүрдүүлж өгдөг. Олон бичил зээл авч зээлийн оноо цуглуулснаар дараа том зээл авахад тус болдог.

НҮБ болон олон улсын байгууллагууд бичил зээл нь ядуурлаас гаргах хамгийн зөв зам гэж дүгнэсэн байдаг. Банкууд LendMN-ий харилцагчдыг чанартай зээлдэгч гэж үзээд зээлийг нааштайгаар олгодог.

Мөн банкнууд биднийг өрсөлдөгчид гэж харах нь буруу. Дотооддоо бий болгосон технологи хамтрагч гэж харвал амжилт авчирна. АНДГлобалын туйлын зорилго бол олон улсад гарах бөгөөд манай технологийг авъя гэсэн гаднын олон байгууллагууд байна. Үүний хүрээнд АНДГлобал компани маань Японы Марубени корпорацаас томоохон хөрөнгө оруулалтыг татаж хамтран ажиллахаар болсон.

КоллПро ч бас оператор компаниудтай технологио нийлүүлээд байгууллагуудад хэрэгтэй утасны үйлчилгээнүүд гаргаж байна. КоллПро байгаагүй бол гаднын ямар нэгэн технологийг үнэтэй худалдаж авах, эсвэл тус тусдаа зардалтай систем хөгжүүлэх гэж оролдох байсан шүү дээ.

Бид юуг хамгийн сайн чаддаг түүндээ улам сайн болоод хамтдаа хөгжиж чадна.

Миний хүмүүсийг сайн ажиллуулах арга бол маш амархан хангалттай эрх чөлөөг нь өг. Үүнийг дагаад хариуцлага, ажилдаа өөриймсөг хандахыг шаарддаг.

Миний ажил программистуудтай их харилцдаг. Өөрөө код бичиж чаддаг болохоор заримдаа кодыг яаж илүү өөрөөр бичиж болохыг харуулдаг. Эцэст нь бүтээгдэхүүнийг хэрэглэгч хэрэглэдэг учраас дизайнерууд, хөгжүүлэгчид уян хатан байж, дор дор нь шаардагдсан өөрчлөлтүүдийг хийх чухал.

Стартап орчинд ажилтнууд хоорондоо уялдаатай, хавтгай засаглалтай байдаг нь миний ажиллах хэв маягт илүү тохирдог. Компани томрох тусам гэнэтийн шилжилтэд бэлэн байх хэрэгтэйг ойлгосон.

Шийдвэр гаргалт удааширч болохгүй.

Компани доторх хамгийн кайфтай байсан нэг ажил бол бүх компаниараа говь явж конференц зохион байгуулах байсан. 6 охин компанийн 100 ажилтнууд нэг дор цуглаж алсын хараагаа дахин нэгдэж нэг тийш харж, ажилтнуудтайгаа нээлттэй ярилцаж авсан юм.

Мөн би заримдаа судалгаа шаардлагатай ажлууд дээр түргэн шийдвэр гаргаснаасаа болж үр дүн нь санаанд хүрэхгүй байх асуудлуудыг дагуулах тохиолдол бий.

Зарим том ажлуудыг захирлуудтайгаа сайн хэлэлцэхгүй шийдээд дараа нь юу болчхов гэж асуугдсан тохиолдлууд гарч байсан. Цаашид балансаа бариад, хэт тэвдүү ажиллаж болдоггүйг ойлгосон.

Жишээлбэл: Playtime Festival-д ерөнхий том зургийг нь хараад стратегийн түншээр оролцож нийт 300-400 сая төгрөгийн зардал гаргасан.

LendMN зөвхөн мөнгө зээлүүлдэг аппликэйшн гэхээсээ илүү залуусын хэв маягтай нэгдэж, наадам дээрх төлбөрийн гүйлгээг шинэлэг байдлаар шийдэж чадсан юм. Нарийвчлалтай төлөвлөөгүйгээс болж энэ давлагаа маань үр дүнгүй юм шиг болж хувирсан. Аппликэйшн маань дараа нь SuperApp болон шинэчлэгдээд Voice Mongolia шоунд амжилттай хамтран ажилласан. Хэдийгээр тухайн үедээ алдаатай байсан ч урт хугацаандаа бүх ажлууд маань үр нөлөөгөө гаргасан.

Хувийн амьдралдаа цаг гаргахын чухлыг бас ойлгосон.

Ажлаас болж сургуулиа хойшлуулах, найз нөхдөдөө цаг гаргахгүй байх, найз охинтой болохгүй байх гэх мэт хувийн амьдралын баланс их алдагддаг.

Одоо би удаан хугацаанд мөрөөдөж ирсэн хэд хэдэн бүтээлч төслүүдээ эхлүүлсэн байна. Үүний нэг нь ажил хэргийн хэлэлцээр, уулзалт хийх зориулалттай, тусгай дизайны баар байна. Япон улсад жишээлбэл ийм бааранд хэлэлцээр хийгээд гар барьсан бол маргааш нь гэрээ болж цаасан буудаг соёлтой.

Мөн эдийн засгийн чөлөөт бүсийн статустай, Шинэ Нисэх Онгоцны Буудлыг дагасан бичил хот байгуулах төсөл дээр ажиллаж байна. Энд байгууллагууд кластерлаж оффислох, гадаад хүн хүч чөлөөтэй ажиллуулах, татварын хэмжээ бага байх гэх мэт боломжууд бүрдэнэ.

Над шиг залуус хувиа хичээгээд явж болно, урдах ажлаа төгс эзэмшээд сайн явж болно. Би гэхдээ цаашид нийгэмд үр өгөөжтэй зүйл хийх дээр анхаарч ажиллаж байна. 30-40 насандаа супер ажиллаад түүнээс цааш өөрийнхөө зоргоор юм хийнэ гэж төлөвлөдөг.

Англид мастераа хамгаалж байхдаа “How To Start a Business” гээд ном бичсэн байсан маань “National Association of College & University Entrepreneurs”-оос тухайн жилийн “Media Champion” гэж шагнал хүртэж байсан.

Тэгээд манай сургуулиас надад Докторын зэрэг хамгаалах урилга, эсвэл Англид 60,000 фунтын хөрөнгө оруулалт хийж байж олгогддог нэг дүгээр зэрэглэлийн хөрөнгө оруулагчийн виз авах санал тавьж байсан. Гоё газар байсан шүү.