Skip links

STRONG MANAGERS: Ч.Долгорсүрэн – Дижитал Аггрегатор ХХК (Tok Tok)

Ч.Долгорсүрэн – Дижитал Аггрегатор ХХК, Гүйцэтгэх Захирал

6 жилийн өмнө Pizza Hut Монголд анхны салбараа нээх үеэр бэлтгэл шатнаас нь Маркетингийн Хэлтсийн Даргаар томилогдон ажиллаж уг брендийг амжилттай нэвтрүүлж, зах зээлд байршуулж байсан.

Манай Дижитал Аггрегатор компанийн бүтээгдэхүүн болох Ток Ток аппликэйшн нь өөрөө очиж идэж чадахгүй байгаа үйлчлүүлэгчид, зоогийн газруудын хоолыг хамгийн хурднаар хүргэж өгөхийг зорьдог хүргэлтийн жолооч нарыг холбодог аппликэйшн юм.

Бид зоогийн газруудаа нарийн шатлалаар сонгон шалгаруулж, хэрэглэгчдийн эрэлтэд үндэслэн нэмдэг.

Хоол хүргэдэг гэдгээр хүмүүст танигдсан болохоор тухайн зоогийн газрын хоолны порц, амт чанартай холбоотой асуудлуудыг манайтай холбож буруу ойлгох нь бишгүй байдаг. Үүнийг шийдэхийн тулд хэрэглэгч тухайн зоогийн газрын хоолтой холбоотой санал хүсэлт, үнэлгээ нь бусад үйлчлүүлэгч нарт ил харагддаг байхаар шийдсэн юм.

Мөн захиалагч захиалсан хоол нь галт тогооноосоо бэлэн болж гарж уу, замдаа явж байна уу гэдгийг хянах боломжтой.  Жолооч нарыг илүү хариуцлагатай байлгах, ресторанууд хоолоо амласан хугацаандаа бэлэн гаргаж програм дээр захиалгын статусын тэмдэглэгээ шуурхай хийж гэх мэт гурван талд платформ дээр уялдаатай ажиллах тал дээр сорилт их байдаг.

Монголд бол харьцангуй шинэ концепцийн бизнес л дээ. Одоо 200 гаруй ресторануудтай, цаашид 500 болгож нэмнэ.

Цаашид хоол хүнснээс гадна ахуйн хэрэглээний бараа хүргэх тэднийг давхар сурталчлах чиглэлрүү орж байна. Технологи гэдэг нэг хөгжүүлчхээд зогсож болдоггүй, байнга сайжруулалт шаарддаг. Аппликэйшн хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу тогтмол шинэчлэгддэг. Хэдэн хувилбар шинэчлэлт хийснээрээ хэр сайн аппликэйшн болох нь дүгнэгддэг гэдэг үг бий. Технологийн салбарт өөр шинэ тоглогч гэнэт манайхаас илүү шийдэл гаргаад бусдыгаа бут цохих магадлал үргэлж өндөр байдаг. Харин хэн хэрэглэгчээ илүү ойлгож, судалж, дата цуглуулж, хэрэглэгчидтэйгээ ойр байж чадна, тэр нь тухайн компанийн харьцангуй давуу тал байж чадна.

IT-н салбарт эмэгтэй хүмүүс чадахгүй, эрэгтэй хүмүүс илүү сайн чадна гэдэг ойлголт байдаг нь олонтаа. Эмэгтэй хүүхдүүд үүнээс болоод технологийн салбараас битгий халшраасай, харин ч илүү сонирхоосой гэж хэлмээр байдаг. Энэ салбарт эмэгтэй хүнд маш том давуу тал байдаг нь аливаа зүйлийн уялдаа холбоог олохын тулд уйгагүй зүтгэдэг, маневрлах сэтгэлгээ өндөртэй байдаг гэж боддог.

Би хүмүүсийн хийх зүйлийг нэг бүрчлэн хэлж өгөхөөс илүү, тэр хүн хариуцаж авсан ажлаа ойлгох, итгэл үнэмшилтэй байх, түүндээ өөрийгөө дайчлахыг зааж зөвлөдөг. Ингэхийн тулд дараах асуултуудыг тавьдаг:

  • Чи юу гэж бодож байна?
  • Чи яаж харж байна?
  • Чи юу гэж дүгнэж байна?

Дотроо өөрөө хариулт олсон байдаг ч тэр хүнээр өөрөөр нь бодуулж, өөрөөр нь гаргалгаа хайлгах гэдэг. Мэдээж цаг их зарцуулна, гэхдээ би шантардаггүй.

Надад баримталдаг нэг зарчим байдаг нь аливаа ажилд цагаа зарцуулж л байгаа бол энэ миний үнэт цаг хугацаа учраас хоёрын хооронд зүйл хийхгүйн тулд төвлөрдөг. Манайхан тав, арав гэж нэмэгдсээр одоо 200 гаруй хүн удирдан ажиллаж байна. Менежментийн багаа ажлаа сайн мэддэг хүмүүсээр бүрдүүлсэн болохоор миний хувьд цөөн хүн удирдах, олон хүн удирдах тал дээр ялгаа гардаггүй гэж хэлж болно.

Хүмүүстэй харилцах арга барилын хувьд нэг номон дээр хүмүүсийн зан төлөвийг 4 хуваадаг гэсэн байсантай санал их нийлдэг. Санхүүгийн хүнтэй тоо, баримт ашиглаж ярьвал илүү ойлголцдог бөгөөд процесс яриад үр дүнгүй. Үйл ажиллагааны хүнтэй бол процесс талаас нь ярина. Харизм давамгайлсан хатуу чанга хүнтэй хатуу чанга хувилбараар нь харьцаад үз.

Мөн би төлөвлөгөө сайн бол алдаа бага гарна гэж үздэг. Төлөвлөхөд далдыг хардаг байх шаардлагагүй. Харин олон удаагийн алдаанаас сайжирч, суралцаж байж улам сайн төлөвлөгч болдог. Сайн төлөвлөгч байхын тулд судалгаа хийх, зах зээлийн хүртээмжээ харах, өгөгдөл мэдээллүүдтэй танилцах үүргүүд багтана. Миний ментороосоо буюу Д.Хулан захирлаас сурч, өөртөө хэрэгжүүлж чадсан хамгийн чухал ур чадвар бол шийдвэр гаргахдаа хэд хэдэн хувилбар бодож олох юм. Тэгээд тэдгээр хувилбаруудаа санхүү талаас гэх мэт олон талаас нь харьцуулж хамгийн шилдэг хувилбар дээр шийдвэр гаргах.

Үүнийг би удирдлагаасаа суралцсаны адил, доод удирдлагууддаа дамжуулахыг хичээдэг. 2014 онд Pizza Hut-г Монголд анх нэвтрүүлж байхдаа судалгаанаас зөрж шийдвэр гаргасан маань хамгийн том бөгөөд хамгийн их зүйл сурсан алдаа гэж боддог. Судалгаа худлаа хэлдэггүй гэдэг үнэн. Монгол хэрэглэгчдийн 99,5% нь утсаар дуудаж пицца захиалдаг гэсэн судалгааны үр дүн гарчхаад байхад тэднийг онлайн захиалгад дадуулна гэдэг том зорилт тавьж зүтгэсэн нь цаг хугацааны хувьд эртэдсэн шийдвэр байсан. Одоо бидний утсаар захиалга авах суваг нийт захиалгын дийлэнхийг эзэлдэг.

Онлайнаар захиалга хийхэд хэрэглэгчдэд сонголт өргөн байх, хэрэглэгч өөрөө захиалгаа бүрэн хянах гээд маш олон давуу талууд байдаг. Хэрэглэгчид аажмаар онлайн сувгийн захиалгад илүү суралцаж байна. Мөн туршлагатай хүмүүсийн үгийг сонсохгүй байна гэдэг том алдаа гэж боддог. Иймд олон улсын амжилттай туршлага, төслүүдээс судалж, суралцах дуртай.

Манай салбарын хувьд бидний хяналтаас ангид байдаг асуудлууд буюу түгжрэл болон автомашины зогсоолын асуудал их том сорилт, хүндрэл болдог. Амласан хугацаандаа хүргэлт хийхийн тулд жолооч нарын нөөц, оргил цагийн ачаалал гэх зэргийг тооцоолдог. Магадгүй зогсоол хайхад зарцуулдаг цаг хугацааг хэмнэхийн тулд хэрэглэгч үүдэндээ гарч ирээд бүтээгдэхүүнээ хүлээж авах, үүнийх нь төлөө хэрэглэгчийг урамшуулдаг байж болох юм.

Долгорсүрэн захирлын бидэнд санал болгосон ном: The Personality Matrix with Chris Lee