Skip links

STRONG MANAGERS: Б.Золбоо, Ард Санхүүгийн Нэгдэл ХК

5 жилийн өмнө Америкийн Нью Йоркод суралцаж эх орондоо ирээд Ард Санхүүгийн Нэгдэлд санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхэлж, өдгөө хөрөнгө оруулалтын толгой компанийн Санхүү Эрхэлсэн Захирлаар ажиллаж байна.

Ард Даатгал компани нь 28 жилийн түүхтэй учраас манай компанийг хүмүүс зөвхөн даатгалын компани гэж ойлгох элбэг.

Бусад бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнээс гадна шуудан, онлайн дэлгүүр гээд нийт 19 компанийн нэг нь л даатгалын үйл ажиллагаа юм.

Менежментийн багт байдаг хүний хувьд би маш бүтээлч, бүтээмжтэй ажиллахыг урьтал болгох дуртай.

Бүтээлч санаа ямар үед төрдөг вэ гэвэл:

1. Аливаа юмс хоорондын уялдаа холбоосыг олохыг хичээнэ.

2. Хэдий нь байдаг зүйлсийг хооронд нь хольж нэгтгээд шинэ санаа гаргана.

Манай компанийн хамгийн бүтээлч, амжилттай ажлуудын нэг нь Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөн юм. Манай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн 19 компанийн аль нэг бүтээгдэхүүнийг ашиглаж, үйлчлүүлснээр өдөр тутамдаа өөрөө ашгаа авах боломжтой байгаа биз?

Санхүүгийн салбарын хүмүүс тогтмол суралцдаг байх нь чухал. Мөн Англи хэлтэй бас сониуч байвал цаашид сурч, хөгжих потенциалтай байдгийг анзаарсан.

Хүний нөөц буюу хүн баялгаа үр дүнтэй ашиглаж, ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дэмждэг, технологийн дэвшлийг үр дүнтэй ашигладаг компаниудын үйл ажиллагаа улам дээшилдэг гэж би итгэдэг.

Багийн гишүүн бүрийн ажиллах дадал зуршил болон ажлын чадамжтай танилцаж, цаашид хүн тус бүр ямар чиглэлээр түлхүү хөгжиж суралцах сонирхолтой байдагт үндэслэн ажлуудаа хуваарилдаг.

Мөн ажил хуваарилахдаа илүү сайн харилцаатай хүнээр нь хэлүүлбэл илүү хурдан хийдэг талтай.

Технологийн дэвшил, програм хангамжуудыг сайтар судалж байж тухайн төсөл, ажил дээр ашиглах програмаа сонгодог.

Жишээлбэл Google Sheet дээр сайн хийж болдог зүйл гэж байхад Microsoft Excel-ийн сайн чаддаг хэрэгслүүд гэж байдаг, мөн бүүр том датабаз дээр ажиллах бол статистикийн программууд илүү хурдан, үр дүнтэй байдаг.

Өнөөгийн цаг үеийн нөхцөл байдал биднийг нийтээрээ цахимд шилжихийг шаардаж байна.Аливаа улс орны эрх зүйн орчноос шалтгаалж цахим шилжилт харилцан адилгүй байж болно.

Монгол улсын хувьд цахим гарын үсэг гэх мэт төрөөс цахимд шилжих боломжуудыг бүрдүүлснээр хэрэглэгч болон байгууллагын аль аль талын бүтээмж бүрдэж байгаа юм.

Хүний санаатай болон санаандгүй алдаа гардаг ч аль болох хүний алдаа гарахгүй нөхцөлийг бүрдүүлэх нь бизнесийн амжилттай явах хөдөлгүүр гэж хардаг.

Байгууллагын хэмжээнд алдаа гарсан бол менторын систем бүрдүүлэх арга барилаар хамт суугаад яаж залруулж болох, зөвөөр шийдэж болох талаар зөвшилцөх нь хэн нэгэнд хариуцлага тооцохоос хавь илүү үр дүнтэй байдаг.

Ганхуяг захирал буюу ментороосоо сурсан хамгийн том сургамжуудын нэг нь хэлсэн бол хийх. Мөн хүн бүх зүйлийг мэддэг байх албагүй учраас мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг байх нь давуу тал.

Мухардсан үедээ Google хайлтыг хашраана шүү дээ. Бас хамт олонтойгоо санал солилцдог.

Гаргах гэсэн санаагаа цаасан дээр юм уу ноороглож үлдээгээд дараа нь эргээд харахад өөр өнцгөөс харах боломж бүрддэг. Тиймээс мухардалд орохгүйн тулд хийх ажлынхаа эхлэлийг тавих нь чухал юм болов уу.

Ажлын бус цагийн хоббитой байх нь ажил, амьдралдаа төвлөрөхөд үр дүнтэй санагддаг учраас би чөлөөт цагаараа музей үзэх, уран зураг сонирхох, мотоцикл унах дуртай.

Миний нэг өдрийн ажил ингэж өрнөдөг:

1. Ямар ч ажилтай байхаас үл хамааран Монголын Хөрөнгийн Биржийн арилжааг 10-13 цагийн хооронд хардаг.

2. Вебсайтаас мэдээ уншихаас гадна вебсайтууд дээр байдаггүй олон сонирхолтой, хэрэгтэй мэдээлэл нийтлэгддэг учраас хэвлэмэл сонин уншдаг.

3. Шаардлагатай уулзалтуудыг өглөөний цагаар хийнэ.

4. Цайны цагаас хойш бусад хийх шаардлагатай ажлуудаа хийдэг.

Би түүх, шинжлэх ухаан болон бизнесийн төрлийн номууд уншиж, тэднээсээ хэрэгтэй мэдээллүүд олж аваад амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг.

Миний амьдралд хамгийн их өөрчлөлт авчирсан номуудаас хуваалцвал:

1. A Random Walk Down Wall Street, Burton G. Malkiel

2. Sapiens: A Brief of History of Humankind, Yuval Noah Harari

3. Homodeus: A Brief History of Tomorrow, Yuval Noah Harari

4. A Short History of Nearly Everything, Bill Bryson

5. Steal Like an Artist, Austin Kleon

Leave a comment