Skip links

Э.Отгон-Эрдэнэ – SCC LLC

Specialized Career Consulting хүний нөөцийн зуучлах үйлчилгээний компанид 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд шинэхэн албан тушаалдаа томилогдоод удаагүй байна.

“Эм Ай Ю” дээд сургуулийг Сэргээгдэх Эрчим Хүчний мэргэжлээр төгсмөгцөө энэ компанидаа буюу огт өөр салбарт ажлын гараагаа эхэлж билээ.

Би өдөр бүр ажилдаа 30 минутын эрт ирээд тухайн өдрийн ажлаа төлөвлөнгөө кофегоо уудаг.

Манай ажил өглөө 8 цагаас цугладаг бөгөөд 9:30 гэхэд бүх дотоод уулзалтуудаа хийж дууссан байдаг.

Цайны цаг хүртэл утсаар ярих, имэйл бичих, бичиг цаас боловсруулах болон төвлөрч суух ажлуудаа амжуулаад, гадуур уулзалтуудыг ихэвчлэн үдээс хойш дараа товлох нь үр дүнтэй байдаг.

Ажилдаа сэргэг, бүтээмжтэй байхын тулд өглөө сэрээд дасгал хийж, өглөөний цайгаа алгасдаггүй.

Нуугдмал эрднүүдийг олж илрүүлж, зөв хүнийг зөв ажлын байранд зуучлах нь манай компанийн зорилго.

Монголчуудын ажиллах чадамж, потенциал өндөр байдагтай холбогдуулан Япон улсад салбараа нээж, Японд ажиллах хүчээ мөн зуучилдаг бөгөөд ойрын ирээдүйд нэмээд Азийн 2 оронд салбараа нээхээр зорьж байна.

Ажилд зуучлах үйлчилгээнд тулгардаг түгээмэл үл ойлголцол нь хүмүүс манайхыг тухайн захиалагч компанидаа арын хаалгатай учраас ямар ч хүнийг ажилд оруулж болно гэж боддог.

Гэвч бүх зүйл шат дараалал, дүрэм журмын дагуу явагддаг бөгөөд захиалагч байгууллагад ур чадвар, хандлага, алсын хараа гээд бүх талаараа тохирох хүнийг ажилд зуучилж, чанартай үйлчилгээ үзүүлэхийг бид эрхэмлэдэг.

Яг ижил ажлын байр зарласан хоёр өөр компани байвал тухайн байгууллагын соёл, ажилд ороод өдөр тутамд хийх ажил үүргээ судлах нь маш үр дүнтэй.

Жишээлбэл КоллПро ХХК-д зуучилсан ажилтнууд одоо хүртэл тогтвор суурьшилтай ажилладаг бөгөөд компанийнхаа дотоод уур амьсгалд хамгийн дуртай гэж сэтгэгдэлдээ дурдсан байдаг.

Бэлтгэгдсэн ажилд горилогчдыг бүрдүүлэх зорилгын хүрээнд манай компани ерөнхий боловсрол болон их дээд сургуулиудтай хамтран мэргэжил сонголт, ажлын гараагаа хэрхэн эхлүүлэх сэдвээр сургалт, зөвлөгөөг зохион байгуулдаг.

Шинээр төгссөн 10 хүүхэд тутмын 6 нь өөрийн хүссэн мэргэжлээрээ сураагүй байдаг нь ажлын талбарт гараад хугацаа алдах, ажлын бүтээмж тааруу байх сөрөг үр дагавруудтай учраас энэ тал дээр хүүхдүүдэд чиглүүлэг хэрэгтэй байдаг юм билээ.

Сайншандын сэргээгдэх эрчим хүчний станцын төсөлд тухайн нутгийн иргэдийг бэлдэж, зөв хүмүүсийг нь сонирхолтой ажилд нь бүрдүүлэлт хийсэн нь миний хамгийн кайфтай ажлуудын нэг байсан.

Ажилд горилогчдод зөвлөхөд өөрийнхөө тухай танилцуулж, өөрийгөө зөв илэрхийлэх нь таныг хүссэн байгууллагадаа, хүссэн мэргэжлээрээ ажиллахад хүргэх чухал алхам юм.

Америк улсад нэгэн түгээмэл арга байдаг нь жишээлбэл Google-д 3 жилийн дараа ажилд орохоор зорьсон бол жилд 1-2 удаа өөр компаниудад ярилцлагад орж өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулдаг юм билээ.

Анх ажилд ороод удаагүй байхдаа нэгэн ажилд горилогчийг ажилд зуучлахаар болж байсан юм.

Тэр эмэгтэй өмнөх байгууллагадаа үнэмлэхүй амжилт гаргасан, туршлагатай, маш мундаг карьертай нэгэн байсан.

Захиалагч байгууллагын сул талыг орхигдуулан, хэт сайн талуудыг нь дөвийлгөж, тохиромжгүй зуучлал хийхэд хүрсэн нь миний гаргаж байсан хамгийн том алдаануудын нэг.

Хүн ажил хийж байгаа бол алдаа гаргаж болно. Харин гаргасан алдаагаа давтахгүй, суралцахыг би хатуу эрмэлздэг.

Үүнийгээ дахин давтахгүйн тулд захиалагч компаниудаа давуу болон сул талуудыг сайтар судалдаг болсон бөгөөд нөгөө эмэгтэйгээ ч яг тохирох өөр нэгэн компанид зуучилж чадсан.

Багийн гишүүдээ чиглүүлэхдээ хүрэх цэг болон зорилгоо тодорхой харуулахыг эрмэлздэг бөгөөд KPI буюу гүйцэтгэлийн үнэлгээний систем ашигладаг.

Борлуулалтын ажилтнуудын чухал зэвсэг бол CRM систем.

Систем дотроо ажилтнууд хоорондын гүйцэтгэлийн явц, төлөвлөгөөний явц зэрэг нь ил тод байснаар ажилтнууд илүү хурцлагддаг гэж хардаг.

Leave a comment