Skip links

Б.Наран – Эрксис Инк.

Анх 2013 онд Нью Медиа Группт гэрээтээр санхүүгийн дүн шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд улмаар үндсэн ажлын байрны санал хүлээн авч, үүнээс хойш мэдээлэл технологийн салбарт эргэлт буцалтгүй оржээ.

Миний бие мэдээллийн технологи, банк санхүүгийн салбарт нийт 20 гаруй жил ажилласан бөгөөд эргээд харахад хамгийн чадал сорьсон ажлуудын маань нэг бол яах аргагүй АНУ-д төвтэй Эрксис Инк компаниараа дамжуулан олон улсад хөрөнгө оруулалт татах ажил юм.

Бүтэн нэг жил үргэлжилсэн, нарийн төлөвлөлттэй, шийдвэр бүр дээр онц анхаарал шаардагдсан энэхүү ажилд баг хамт олноо ахалж ажилласан.

Уг ажлын үр дүнд бид Монголын мэдээллийн технологийн салбарт түүхэн хуудас бичиж чадсандаа туйлын баяртай байдаг.

Erxes нь хэрэглэгчтэй харилцах сувгуудыг нэгтгэн удирдаж, алба нэгжүүдийн уялдаа холбоог сайжруулж, маркетинг, борлуулалтыг дэмжих нээлттэй эхийн платформ юм.

Бид Erxes-ийг анх 2016 онд хөгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 60 гаран орны хэлэнд орчуулагдаж, 90 гаруй улсад 25 мянга гаруй байгууллагуудын өдөр тутмын нэн хэрэгцээтэй платформуудын нэг болж чаджээ.

Зарим хүмүүс манай платформыг зөвхөн маркетингийн албаныханд зориулагдсан програм гэж ойлгож, үйл ажиллагаа өргөжсөн үедээ ашиглана, одоо болоогүй гэж хүлээж авах тохиолдол бий.

Тэр тусмаа сошиал медиа болон цахим хуудаснууд гээд харилцагчийн буй газар бүрд хүрч ажиллах шаардлага үүсэж буй өнөө үед дөнгөж эхэлж буй бизнесүүдээс авахуулаад томоохон банкнууд хүртэл ашиглах боломжтой.

Erxes-тэй интеграц хийх боломжтой олон системүүдийн нэг нь CallPro.

Зарим хэрэглэгчид худалдан авалт хийхдээ эсвэл санал хүсэлт ирүүлэхдээ өөрсдийг нь сонсоосой гэж хүсдэгээс харахад утсан харилцаа нь одоог хүртэл харилцаа холбоонд томоохон байр суурийг эзэлсэн хэвээр байна.

Алдсан дуудлага бүрээ алдалгүй бүртгэж, ажлын бус цагаар ирсэн хүсэлтүүдийг дуут шууданд хүлээн авснаар хэрэглэгч бүрдээ хариу өгөх боломж бүрддэг.

Анх ажлаа хүлээж авч байсан үетэй харьцуулахад манай багийн нэг хүнд оногдох ажлын бүтээмж хэд дахин нэмэгдсэн гэж хэлж болно.

Баг хамт олноо бүтээмж, гүйцэтгэл өндөртэй ажиллахад дэмждэг өөрийн зарчмуудаасаа хуваалцвал:

1. Багийн гишүүн бүрдээ тухайн ажлын эцсийн зорилго, үр дүн болон ямар үүрэг, оролцоотой байгааг нүдэнд харагдтал ойлгуулахыг чухалчилдаг;

2. Ажил бүр дээр товч зураглал, гишүүн бүрийн хариуцах хэсгүүд, дэс дараалал, хугацаа болон шаардлагаа тодорхойлж өгдөг;

3. Дутуу ойлголцлоос үүдэж хэн нэгний ажлын үнэт цагийг үр ашиггүй болгохгүйн тулд ажлын явц дунд шалгаж, ойлголтоо нэгтгэдэг;

4. Шинэ ажилтныг чиглүүлэн нутагшуулахад цаг гаргаж, чухал ач холбогдол өгдөг бөгөөд чиглүүлэх цаг зав хомс гэж үед шинэ хүн авах гэж яаралгүй хойшлуулдаг;

5. Техник, технологийн хэрэгслүүдээ өдөр тутмын ажлын хэрэгцээндээ тохируулан ухаалаг ашигласнаар байгууллагын нийт бүтээмжид эерэгээр нөлөөлдөг.

Манай байгууллагын хувьд Erxes-ээс гадна бүх технологийн код дээрээ Github, байгууллагын ажилтнуудын дотоод мессенжерт RocketChat, санхүү тооцоонд Erkhet болон бичиг баримтууд боловсруулахдаа Google Drive гээд үүлэн програмуудыг сонгож ашигладаг.

Хэрэглэдэг төхөөрөмжүүд маань хэт олон биш, хамгийн гол нь үндсэн үйл ажиллагаанд илүү шат нэмээгүй, цаг хэмнэж, бүтээмжтэй ажиллахад чиглэсэн байх тал дээр байнга анхаардаг билээ.

Leave a comment