Skip links

Р.Уранзаяа – Мастер Пропертис ХХК

Би одоо ажиллаж байгаа мэргэжлээсээ тэс өөр, Монголдоо ч их ховор буюу Спортын Менежер гэдэг мэргэжлээр Биеийн Тамирын дээд сургуульд сурч эзэмшсэн.

Өөр байгууллагуудад ажилласан туршлагатай ч, 2018 онд тус компанидаа Борлуулалтын Газрын Захирлын туслахын ажилд орж байсан нь миний анхны оффис ажил юм.

Ажилд ороод удалгүй бие даан үл хөдлөхийн борлуулалт хийх борлуулалтын менежерийн ажлын боломж гармагц дуртайяа оролдоод үзье гэж шийдсэн.

Анхны гэрээгээ хийхийн тулд барилгынхаа оффис түрээслэгчид болох 100 гаруй байгууллагын хаалга тогшиж, танилцуулах материал тарааж, сонирхсон худалдан авагч бүрд уйгагүй танилцуулга хийсний хөдөлмөрөөр анхны борлуулалтаа хийж чадсан байдаг.

Урьд нь өдөр тутмын бохь зэрэг бага үнийн дүнтэй бүтээгдэхүүн бүртгэдэг кассын ажил хийдэг байсан хүн чинь хэдэн зуун сая төгрөгийн борлуулалт амжилттай хийчихлээр хичээвэл боломжгүй зүйл байдаггүй юм байна гээд маш том урам авдаг юм билээ.

Борлуулалтын менежерээр ажилладаг байхдаа би өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах зорилгоор борлуулалтын олон төрлийн дүн шинжилгээг статистик, тоо баримтад үндэслэн боловсруулж, багийнхандаа сайн дураараа танилцуулдаг байсан юм.

Ийнхүү 2 жилийн дараа тушаал дэвшиж борлуулалтын шинжээчээр ажиллах болсон.

Борлуулалтын менежерүүдийн хувьд ижил хангамж, борлуулалтын сэжим олгогддог борлуулалтын үр дүн харилцан адилгүй байдаг.

Тиймээс миний үндсэн ажил аль борлуулалтын менежер их гэрээ гаргасныг тодорхойлох, менежерүүдийн ур чадваруудыг илрүүлэх, төлөвлөгөөний гүйцэтгэлийн биелэлт, дундаж метр квадратын үнээ барьж байгаа эсэх, гэрээний үнийн дүн гээд борлуулалтын менежерүүдийн ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, сайжруулах гарц хайдаг гэсэн үг.

Зарим менежерүүд давтан гэрээ илүү их хийдэг бол зарим нь шинэ хэрэглэгч нартай гэрээ илүү сайн хийдэг байж болно.

Мөн ямар байгууллагууд худалдан авалт хийж байна, аль салбарынханд илүү борлуулагдаж байна, худалдан авагчид юу хүсэж байна, цаашид ямар харилцагчдад, ямар тактикаар хандвал үр дүнтэй байх, үнийн бодлого ямар байх талаар санал дэвшүүлэх, мэдээллээр хангадаг юм.

Өдгөө манай компанийн дөрөв дэх төсөл энэ оны зургаан сард хэрэгжиж дуусах бөгөөд 114 оффис өрөө борлуулахаас 23 өрөө л үлдсэн байна.

Манай байгууллага руу хандаж орж ирж буй ширхэг дуудлага бүр маш үнэ цэнтэй байдаг.

Амжилттай гэрээ хийх, менежерүүддээ ажил, борлуулалтын сэжимийг жигд хуваарилахад CallPro, Hubspot системүүд бидний ажилд их тусалдаг.

Харилцагч, худалдан авагчидтайгаа харилцсан түүхээ бүртгэснээр ярьсан хэлэлцээрээ мартах, олон хүнтэй харилцдаг учраас хооронд нь хольж солих гээд асуудлууд бүгд байхгүй болно.

Өмнө нь манай оффисыг сонирхож байсан харилцагчийн дата мэдээлэл буюу имэйлээр харилцсан түүх, хийсэн дуудлагуудын давтамж, хэдэн удаагийн уулзалтаар гэрээ амжилттай хийгдсэн зэрэг мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх, харилцагчийн гомдол санал шийдвэрлэхэд их хувь нэмэр болдог.

Жишээлбэл: Манай худалдан авагчдын 30% нь давтан худалдан авагчид байдгаас харахад хуучин харилцагчдаа шинэ төслийн мэдээллээр хангах, сэтгэл ханамжтай худалдан авагчид үнэнч худалдан авагчид болдгийг харж болно.

Миний ажил, харилцааны ноу-хау:

1. Өөрөө үлгэрлэх буюу гүйцэтгэл, гүйцэтгэх ур чадвар, харилцааны ур чадвараараа үлгэрлэдэг;

2. Бие биенээсээ үргэлж суралцах, хөгжихийг чухалчилдаг;

3. Бүх зүйлд үргэлж чин сэтгэлээсээ хандах;

4. Харилцагчаа сонсож, тэдний хэрэгцээг ойлгож мэдэрч, бүх төрлийн мэдээллээр хангахыг баримталдаг.

5. Хүнтэй харилцахдаа нүд рүү нь хараад инээмсэглээд, ярих маш дуртай. Чин сэтгэлээсээ харилцах дуртай болохоор ажлаасаа үргэлж сайхан мэдрэмжийг авч байдаг.

6. Зогсохгүй зүтгэх, тасралтгүй хөгжихөөс гадна онгирохгүй, хэт даврахгүй байх хэрэгтэй гэсэн зарчмыг би амьдралдаа тогтмол баримталж, хэрэгжүүлэхийг зорьдог.

Ментор буюу захирал маань хамт олондоо авьяасаа нээн ажиллах боломжийг үргэлж олгож байдаг бөгөөд түүнээс сурсан хамгийн чухал сургамжуудаас хуваалцвал:

1. Сайн төлөвлөгөө ажлын 50% байдаг. Тиймээс төлөвлөхөд зориулж цаг гаргах нь чухал.

2. Бусдаас жаахан л илүү байх буюу өглөө ажилдаа 5 минут эрт ирэх, хийж байгаа ажилдаа 5 минут илүү зарцуулах гээд жаахан л илүү сэтгэл гаргачихвал амжилттай байхын үндэс болно.

3. Авсан өгсөндөө өлзийтэй байх буюу худалдан авагчид, ажилтнууд, байгууллага бүгд сэтгэл хангалуун байх олон талын хожлыг баримтлах хэрэгтэй.

Leave a comment