Skip links

С.Амуулай – COSE Cosmetics

Би багаасаа л өөрийн гэсэн бизнестэй болно гэж боддог байсан ч яг юу гэдгээ мэддэггүй байсан.

Нэг л өдөр ажлаасаа гарч, гэрийнхнээсээ санхүүжилтээ зээлж аваад хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдсэн.

Хоол хийхийн өмнө бэлтгэл ажил хийдэг шиг бүтэн нэг жилийг дэлгүүрийнхээ бэлтгэл ажилд зарцуулж байсан.

Би Тайван улсад оюутан байхдаа Парист хотод солилцоогоор 1 жил суралцаж, амьдарч байсан юм.

Тэндэхийн гоо сайхны дэлгүүрүүдийн үйлчилгээний тав тух, бүтээгдэхүүнүүдээ хэрэглэж үзэж болдог, нэг дор олон брендийн сонголтууд байдаг нь таалагдаж, үйлчлүүлэх дуртай байсан болохоор хамт сурдаг найздаа Монголд очоод л ийм л дэлгүүр нээнэ гэж ярьдаг байж билээ.

Тэр үедээ бүр компаниа “Avec Amu” буюу хайраар бүтээв гэсэн утга бүхий нэрлэнэ гээд бодчихсон байсан.

Өдгөө гоо сайхны супермаркет гэж хэлж болох “Авек Амуулай ХХК”-г үүсгэн байгуулаад 3 жил болж байгаа бөгөөд 4 салбартай мөн онлайн худалдааны платформтой, 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Баг хамт олноо идэвхжүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд дараах зүйлсийг чухалчилдаг:

1. Сургалт: Гэр бүлийнхээ бизнесээс сургалт болон чанарын стандартын чухлыг суралцсан.

Бид 400 орчим брендийн 23000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ талаар тасралтгүй суралцах шаардлагатай байдаг бөгөөд Баасан гараг бүр ажилтнууддаа сургалт зохион байгуулдаг.

Ингэснээр хэрэглэгчдэд тохирсон, зөв бүтээгдэхүүнийг нь санал болгож чадна.

2. Урамшуулал, зэрэг дэвийн систем: Алдаа гаргасныг шийтгэхээс илүү сайн ажилласныг урамшуулахыг урьтал болгодог.

Бид дотроо зоос цуглуулах системтэй бөгөөд ажлын гүйцэтгэл, сургалтад хамрагдсан байдлаас зоос нь нэмэгдэж түүгээрээ урамшуулал авах, зэрэг ахих боломжууд нээгддэг.

3. Ажил амьдралын тэнцвэртэй байдал: Хүмүүс ажил дээрээ амьдралынхаа дийлэнх идэвхтэй цагийг өнгөрүүлдэг учраас баг хамт олноо хийж байгаа ажлаасаа таатай мэдрэмж авч, хувийн цагаа ч аз жаргалтай өнгөрүүлж, өөрсдийн гэсэн хоббитой байгаасай гэж боддог.

Бэлэг, урамшуулал өгөхдөө цагийг сайхан өнгөрүүлж болох алжаал тайлах үйлчилгээ, тансаг орчинтой, амттай хоолтой ресторанаар үйлчлүүлэх эрхийн бичиг зэргийг сонгодог.

4. Ажлаа дурлаж хийх: Хүн дуртай зүйлээ олчихвол ажил хийж байна гэж ядрахгүйгээр ажлыг дуртай байдаг юм билээ.

Манай худалдааны төлөөлөгчид өөрсдөө нүүр, хумсаа гоёор будаад, гоё үнэртэй ус хэрэглээд өөрсдийгөө гоёор мэдрээд, түүнийгээ худалдан авагчид, хэрэглэгчдэдээ түгээгээсэй гэж хүсдэг.

Бид цахим дэлгүүрээ 2019 оны 12 сард нээж байсан нь техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед цахим шилжилтийг зөв цагтаа эхлүүлсэн гэж боддог.

Учир нь хөл хорионы эхлэх үеэр 2 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан мөртлөө борлуулалт бараг 500% нэмэгдэж байсан.

Борлуулалт 100% цахим болохтой зэрэгцээд амьд харилцаа үгүйлэгдэж байсан яг энэ үед хэрэглэгчидтэйгээ утсаар үйлчлэх зорилгоор CallPro үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

Үйл ажиллагаа жигд системд орохын тулд чаддаг ажлыг нь чаддаг хүмүүст нь өгөөд өөрсдөө харин маркетинг борлуулалт, хэрэглэгч татах ажлуудад анхаарлаа төвлөрүүлж чадаж байна.

Технологийн компаниуд харилцагчидтайгаа хамтдаа хөгжиж байдаг надад урамтай санагддаг.

Дизайн нүдэнд хоногшиж, сэтгэлд үлддэг учраас бизнесийнхээ харагдах байдалд маш их анхаарал хандуулдаг.

Анх лого зуруулахдаа үнэтэй гэж бодолгүйгээр хамгийн чадварлаг гэсэн хүнээр зуруулж, бүтээгдэхүүний тор, зураг авалт гээд бүх зүйлдээ шаардлагатай зардлыг гаргаж, брендээ үнэ цэнтэй байлгахыг чухалчилдаг.

Анхны салбараа нээж байсан үе санаанаас огт гардаггүй, тухайн үедээ нойр ч хүрдэггүй байсан.

Эхлээд мэдээж мөнгө олно гэж байхгүй болохоор бүх зүйл л зардал байсан учраас ширхэг хадаасаа хүртэл Таобао, Алибабагаас захиалж байсан.

Саясанаагаар дотоод заслын зургаа зуруулаад дэлгүүр бэлэн болоогүй байхдаа дэлгүүрийнхээ зургийг бариад захирлуудын хаалгыг тогшоод манай дэлгүүртэй хамтран ажиллаач гээд танилцуулаад явдаг байсан.

Энэ бүгдийг хийхэд маш их мөнгө, хариуцлага дагаж байсан болохоор маш сайн төлөвлөж сурсан.

Хүн их ажлаас бус ойлгомжгүй эмх цэгцгүй ажлаас ядардаг гэдэг болохоор байгууллагын жилийн төлөвлөгөө, кампанит ажил, сургалт зэргийг батлаад, төлөвлөгөөний дагуу ажилладаг.

Мөн ээж минь багаас эрүүл мэнд, аз жаргалтай амьдралыг эрхэмлэхийг зааж зөвлөсөөр ирсэн учраас ажлаас гадуур аз жаргал мэдэрдэг зүйлтэй байх нь хэрэгтэй.

Би спортод маш дуртай, хөдөлгөөнтэй хүн учраас тогтмол гүйх, ууланд гарах, аялах, боардоор гулгах дуртай.

Миний хувьд гүйх нь нэг талаараа тархины бясалгал болж, бодлоо цэгцлэхэд тусалдаг.

Бизнес эхлүүлж буй залуу хүмүүсийн гаргадаг нэг алдаа нь баян болъё гэсэн бодлоор бизнесээ эхлүүлэх байж магадгүй.

Мөнгө мэдээж хүний амьдралд чухал ч би анх бол зүгээр л маш гоё дэлгүүртэй болох нь л үндсэн зорилго байсан бөгөөд сэтгэлээ зориулж гоё маркетинг, гоё ажил л хиймээр байсан.

Үүгээр дамжуулж олон хүн гоё мэдрэмж авах нь юун түрүүнд чухал байсан.

Leave a comment