Би багаасаа зурах дуртай, зургийн ангид суралцдаг байсан.
Сонирхолдоо тулгуурлаж Компьютер График дизайнер мэргэжлээр төгссөнөөс хойш мэргэжлээрээ тасралтгүй 7 жил ажиллаж байна.
Ажлын гараагаа технологийн компанид гар утасны аппликэйшны UX/UI дизайнераар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд ажиллах ихэнх хугацаанд уг чиглэлээр дагнаж ажилласан байна.
2020 оны эхээр Инвескор Группд ажлын ярилцлагад орохоор болсон бөгөөд уулзалтын үеэр цаашид үндсэн ажилтнаар ажиллахаас илүүтэйгээр өөрийн гэсэн студи үүсгэн байгуулах сонирхолтой байгаа талаар танилцуулж байсан.
Үйл ажиллагаагаа анх төслийн хэмжээнд багаа бүрдүүлэн эхлүүлж, 6 сарын хугацаанд өөрсдийгөө таниулах, компанийнхаа суурийг бэлдэх ажилдаа орсон юм.
Ийнхүү хоёр талд ашигтай тохиролцоо бүрдэж 2020 оны 7 сард 4 хүний бүрэлдэхүүнтэй бие даасан компани үүсгэн байгуулсан.
Инвескор Групп бидэнд боломж олгож, бидний ур чадварт итгэн анхны захиалгыг өгөөд, технологийн салбарт хөл тавихад дэмжлэг болсонд үргэлж баярладаг.
Хөрөнгө оруулагч тал маань биднээс хийж чадна гэсэн итгэл үнэмшил, итгэл дүүрэн байдлыг олж харсан болов уу гэж боддог.
Аливаа компанийн үйл ажиллагаа эхлэхэд анхны захиалгуудыг өгч буй байгууллагууд маш том дэмжлэг болдог бөгөөд тэдний нэг нь КоллПро ХХК юм.
Бидэнтэй ихэвчлэн зах зээлд шинээр цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах гэж буй байгууллагууд захиалга өгч, хамтран ажилладаг тул сайн суурьтай, чанартай бүтээгдэхүүн бий болгоход UX/UI маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
UX дизайн гэдэг нь тухайн бүтээгдэхүүнийг бүтэн зургаар нь харах, систем ямар байх, логик дарааллыг төлөвлөх, дизайны элементүүд хоорондоо хэрхэн шилжих, яавал хэрэглэхэд хялбар байхыг тодорхойлно гэсэн үг.
Харин UI дизайн нь батлагдсан UX дээр эцсийн бүтээгдэхүүний харагдах байдал, өнгө будаг гээд эцсийн бүтээгдэхүүн гоё харагдахад анхаардаг гэж хэлж болно.
Цаашид манай баг хамт олон залгамж халаагаа сайтар бэлтгэж, олон улсын төсөл дээр ажиллах буюу олон улсад хэрэглэгчидтэй бүтээл, бүтээгдэхүүнүүд дээр ажиллах маш том амбицтай билээ.
Мөн Монголдоо маш сайн бүтээгдэхүүний дизайн хийхийг зорьж байна.
Манай баг үүсгэн байгуулагдахдаа байгууллагын зорилго, алсын хараа, үнэт зүйлээ “Design Thinking” буюу загварчлах сэтгэлгээний аргаар тодорхойлж байсан.
Энэ нь санаа төдий байгаа зүйлийг бүтээлчээр шийдвэрлэж бодит болгох аргачлал гэж хэлж болно.
Бидний бүтээж буй дизайн, ирээдүйн харилцагчдын итгэлцлийг агуулах учир дараах үнэт зүйлсийг эрхэмлэн ажилладаг:
1. Чанар: Захиалагчийн сэтгэл ханамжид анхаарч ажлыг чанартай гүйцэтгэнэ.
2. Цаг хугацаа: Бизнесийн байгууллагууд цаг хугацаатай уралдаж ажилладаг учраас захиалагчийн цагийг хэмнэх, амласан хугацаандаа гүйцэтгэлээ хүлээлгэн өгнө.
3. Харилцаа: Дээрх хоёр үнэт зүйлсийг баримтлахын тулд харилцаа хамгийн чухал. Иймдээ ч анх үүсгэн байгуулагдсан цагаасаа харилцааны менежер гэдэг ажлын байр зориуд бий болгосон.
Цаг хэмнэх аргуудаас хуваалцвал:
1. Үйл явцаа тодорхойлох буюу нэг төслийг ойролцоогоор 10 хэсэгт хуваагаад цагийн хуваарь гаргадаг.
2. Судалгаанд цаг зарцуулах. Учир нь судалгаанд үндэслэн оновчтой UX батлагдахдаа хялбар байдаг.
3. Төлөвлөсөн ажлуудаа маш сайн дагаж ажилладаг. Ингэснээр нэг цаг зарцуулчихсан ажлаа дахиж шинээр хийх шаардлагагүй болно.
Бүтээлч салбарт ажиллахын нэг онцлог нь хуруу уншуулж ажлын цагаа бүртгүүлэхээс илүүтэйгээр ажлын даалгаварт үндэслэж ажлаа хуваарилж дүгнэх нь илүү үр дүнтэй байдаг.
Мөн компьютер, цахилгаан байвал хаанаас ч ажиллах боломжтой учраас зайнаас ажиллах боломжтой байдаг.
Миний хувьд гүйцэтгэж буй ажлаа бүтээл гэж харж, ажилдаа дурлаж хийдэг.
Хааяа цаг хэд болж байгааг анзааралгүй ажилдаа гүн орсон байх ч тохиолдолд гарна.
Шинээр бизнес эхлүүлэхэд хэцүү зүйл тулгарсан ч бие биеэ маш сайн ойлгодог, хамтдаа эцсээ хүртэл явах хүмүүстэй нэгдэж нэг баг болж чадсан нь хамгийн чухал.
Үүний араас санхүү, ажиллах орчин гээд бусад асуудлууд орно.
Дизайнерууд өөрийн дэвшүүлж буй саналаа ямар судалгаанд үндэслэж гаргасан гэдгээ баталж чаддаг байвал санаа нь няцаагдаж, цаг хугацаа алдахаас сэргийлнэ гэж зөвлөмөөр байна.
Бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч нь захирал эсвэл менежерүүд бус хэрэглэгчид байдгийг харгалзан тэдний өнцгөөс харах нь чухал.