Энэтхэг улсад Мэдээлэл Технологийн чиглэлээр Бакалаврын зэрэг хамгаалснаас хойш 5 жил мэргэжлээрээ ажиллаж байна.
Манай компани нь дэлхийн алдартай түргэн хоолны сүлжээнүүд болох KFC болон Pizzahut брендийн Монгол дахь онлайн веб захиалгын системийг хөгжүүлэх, дуудлагын төвийг бүрэн хариуцах үйлчилгээ үзүүлдэг.
Олон улсын брендүүдийн шаардлага өндөр учир бид системийг 99.9%, амжилттай дуудлагыг 95%-иас дээш байх чанарын стандарт, найдвартай ажиллагааг баримталдаг.
Энэ оноос эхлэн бид 3 гаруй жилийн хуримтлуулсан сайн туршлагадаа үндэслэн бүх төрлийн хоолны газрууд болон захиалга авдаг байгууллагуудад C.T.S систем нэртэй цогц үйлчилгээг санал болгож эхэлсэн юм.
Утсаар болон вебээр борлуулалт хийхээс гадна чатботоор захиалга хүлээн авах боломжийг хөгжүүлж байна.
Үүнд захиалгын системд нэн шаардлагатай шийдлүүд буюу GPS байршил тогтоох, агуулах дах мэдээллийг нэгтгэх, санал хүсэлтийг шийдвэрлэх веб интерфэйс болон санал гомдол барагдуулах үе шат, төлөв гээд бүгд бий.
Бусад хүргэлтийн аппликэйшн ашигладаг буйгууллагууд ч нэг ёсондоо захиалга хүлээн авах сувгаа улам өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Бүтээгдэхүүнээ олон өөр дэлгүүрийн лангуун дээр төрөлжүүлж, борлуулалтаа нэмэгдүүлж болдогтой адилтгаж болно.
Урьд манай байгууллага уламжлалт PBX ашигладаг байсан бөгөөд ажиллагаа найдвартай ч технологи нь хуучрах сул талтай байсан.
Тиймээс CallPro виртуал PBX-г ашиглаж эхэлсэн бөгөөд ялангуяа хөл хорионы үеэр 100 гаруй операторуудын гүйцэтгэлд хяналт тавих, зайнаас ажиллуулахад маш үр дүнтэй байсныг онцолмоор байна.
B2B үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгчдийн датаг хамгаалах нь амин чухал зүйл гэж хэлж болно.
Тиймээс манай систем нь зөвхөн тухайн байгууллагад зориулсан харилцагч удирдах системийн бааз үүсгээд датаг нь зөвхөн өөрсдөд нь харагдахаар шийдсэн нь давуу талтай.
Би ажиллаж буй байгууллагадаа хэрэв энэ миний компани байсан бол би юу хийх байсан эсвэл ямар шийдвэр гаргах байсан бол гэж бүх зүйлд өөриймсөг ханддаг нь ажилдаа дуртай байх гол шалтгаан гэж боддог.
Урт хугацаанд хийж дуусгах ажил байвал өнөөдөр нь эхлүүлснээр цаашид ямархуу цаг зарцуулах, ямар эрсдэлүүд тулгарах талаар төлөвлөж, товлосон цагтаа ажлаа дуусгадаг.
Мөн аливаа ажлыг эхлүүлэхээсээ өмнө шаардлагуудаа маш сайн тодорхойлох нь үр дүнтэй.
Ингэхийн тулд энэ шийдлийг “Хэн хэрэглэх вэ?”, “Тэд яагаад хэрэглэх вэ?” гэдгийг өөрөөсөө асуувал асуудлыг шийдэх талаас нь харж чадна.
Техник дэмжлэгийн инженерээр ажиллаж байсан би инженер, хөгжүүлэгчдийн баг хариуцсан менежер болсноос хойш багийнхаа өмнө хариуцлага хүлээх, ажлын төлөвлөлт сайн хийх, багийн гүйцэтгэлийг тайлагнах, харилцагч байгууллагуудтай харилцах гээд зөндөө ялгаа гарч ирсэн.
Хүмүүстэй үл ойлголцлоос сэргийлж үр дүнтэй харилцахад имэйл харилцааг би маш том соёл гэж бодож, чухалд үздэг.
Дараах тохиолдолд албан имэйл нь маш үр дүнтэй байдаг:
1. Уулзалтын дараа ямар юун талаар ярилцсан, дүгнэлтэд хүрсэн талаар протокольжуулснаар ойлголт нэг болж, харилцааны алдаанаас сэргийлдэг.
2. Заримдаа аман яриагаар санаагаа 100% хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байвал сайтар тунгааж, найруулж бичсэн имэйл асуудлыг шийддэг.
3. Имэйлээр хэлэлцээр, тохиролцоо хийх үед харилцагчдадаа сэтгэл хөдлөлөөр амлалт өгөхгүй давуу талтай, ил тод байж чаддаг.
Мөн аливаа асуултад дэлгэрэнгүй хариулт бичих, чухал имэйл илгээх үед ажлынхаа хэн нэгнээр уншуулж хянуулах нь үр дүнтэй имэйл харилцаанд тус болдог.
Багаар ажиллахдаа бүтээмж өндөр, алдаа бага гаргаж ажиллах аргуудаасаа хуваалцвал:
1. Нэг удаад арай их цаг зарцуулаад хойшид өдөр тутамын ажлыг хөнгөвчлөх, автоматжуулж болох зүйлст анхаарал хандуулж шийдэл олохыг эрмэлздэг.
2. Багийн гишүүдээ өдөр тутмын ажилд дарагдахаас илүү шинэ зүйлс сурах, цаг хэмнэж болох туршилтууд хийх боломжуудаар хангадаг.
3. Өдөр тутмын ажлын чимхлүүр зүйлсэд нь оролцохгүйгээр аль болох 7 хоногийн ажлын үр дүн, ажлын гүйцэтгэл өндөр байхад нь анхаарал хандуулдаг.