10 жилээ төгсөөд их сургуульд төлбөрийн асуудлаас болоод нэг жил өнжих тухайн үед их хэцүү санагдаж байсан ч одоо бодоход аз тохиосон гэж санагддаг.
Улмаар их сургуулийн гуравдугаар курсдээ тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, түүнээс хойш “М Си Эс” гэдэг том айлд маркетингийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаад байна.
Маркетер хүмүүсийн хувьд нэг хүсэл нь шинэ бренд бий болгох байдаг.
Миний хувьд хамт олноороо Simple брендийн концепцийг тэгээс бий болгож, сүүлийн хагас жилийн хугацаанд бойжуулж, зах зээлд таниулж чадсандаа туйлын баяртай байдаг.
Цоо шинэ бүтээгдэхүүний бренд концепц тодорхойлолтыг дараах 3 хүчин зүйл бүрдүүлдэг:
- Brand Philosophy:
Зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүнүүд олон байдаг ч зөвхөн манай бүтээгдэхүүний үндсэн филосифи, ялгарах шинж чанарыг тодорхойлох.
Манай бренд нь хүнд байдаг гурван төрлийн нөөц бололцоонд тулгуурлаж “Цаг, энерги, мөнгөө ухаалаг зарцуулаарай” гэсэн уриалга бий болгосон.
Ингээд хэрэглэгчийн цаг, энерги, мөнгийг хэмнэе гэсэн зорилготой болсон тул аппликэйшнээ хэрэглэхэд энгийн байхыг баримталж хөгжүүлсэн.
- Brand Positioning
Үүний дараагаар Simple бренд хэрэглэгчийн хувьд “Санхүүгийн найз нь байя” гэсэн зорилготой брендийн байршлыг тодорхойлсон.
Санхүүгийн найз нь учраас найзынхаа орлого, зарлагын харьцаанд тулгуурлаж олон зээлтэй байвал зээл аваад хэрэггүй гэж зөвлөөд, татгалзаж чаддаг.
Мөн утсаа авдаг найз нь байхыг зорьж CallPro системийг 1800-2828 дугаар дээрээ ашиглаж байна.
Заримдаа тооцоолох боломжгүйгээр ачаалал нэмэгддэг учраас ямар үед дуудлага алдаж байгаагаа тодорхойлж шийдвэр гаргахад тусалдаг.
- Brand tone of voice:
Simple брендийг нийтэд нь харахад нөхөрсөг, итгэлтэй буюу ухаалаг, хөгжилтэй гэж дуу хоолойг нь тодорхойлсон.
Эдгээрийг тодорхойлохдоо, найз нь учраас нөхөрсөг, санхүүгийн бүтээгдэхүүн учраас итгэл даасан бөгөөд энэ бүгдийг ухаалаг хөгжилтэй байдлаар илэрхийлж болно гэж харсан.
Ямар ч шинэ бүтээгдэхүүн гаргахдаа энэ гурван хүчин зүйлээ тодорхойлсон байхад ажилтнуудад мөн хийх ажил нь ойлгомжтой байж чиглүүлэг болж чаддаг.
Аппликэйшний онцлогоос дурдвал “Хур” системтэй холбогдсон учраас хялбар нэвтрэх, зайнаас хэрэглэгчээ таньж хүн болгоны онцлогт тохирсон зээлийн оноог тооцоолж гаргадаг.
Бүтээлч бөгөөд бүтээмж өндөр ажиллах аргуудаасаа хуваалцвал:
- Цаг үеийн шинэ тренд хааш чиглэж байгаагаас хоцролгүй залуу үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг. Тухайлбал, шинээр гарч ирж байгаа уран бүтээлчдийг сонсох дуртай.
- Бүтээлч байдлаа хадгалах, бусадтайгаа хуваалцах зорилгоор манай компани дотроо Пүрэв гараг бүр “Trendy Thursday” нэртэй уулзалт зохион байгуулж сонирхолтой, шинэ мэдээ мэдээллийг ярилцдаг.
- Цөөн тусмаа сайн гэсэн зарчмыг маркетингийн албаараа мөрддөг. Өдөр бүр 2-3 ширхэг пост сошиал орчинд байрлуулахад анхаарал хандуулаад байвал тоо дагаад чанар муудах хандлагатай байдаг.
- Аль болох олон санаа гарах тусам тэр дундаас чанартай санаа нь тунаж үлддэг учраас хүмүүсийн гаргасан санааг сайн, муу гэж тодорхойлж болохгүй.
- Шүүмжийг би намайг хөгжүүлэх боломж гэж хардаг учраас багийнхнаасаа шүүмж сонсохоос айдаггүй.
Миний ментор буюу Heineken бренд дээр ажиллаж байхад миний удирдлага байсан хүнээс сурсан хамгийн том сургамж бол сайн төлөвлөлт ажлын 50% нь байдаг гэсэн зарчим.
Үүнээс гадна жижиг ч бай, том ч бай цагаа олсон магтаалын чухлыг сурсан.
Бид амьдралынхаа ихэнх идэвхтэй цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг хүмүүс учраас тэдгээр цагийг аз жаргалтай өнгөрүүлэхийг чухалчилдаг
Өөрийгөө эерэг байлгахын тулд би өдөр бүр гэртээ очоод тэмдэглэл дээрээ тухайн өдрийнхөө хамгийн жаргалтай гурван мөчийг бичиж хэвшсэн.
Хэрэв та тодорхой түвшинд өөрийгөө ахиулъя, хөгжье гэж зорьж байвал ажил дээрх залгамж халаагаа бэлдэх нь чухал.
Танд хэрэв боломж гараад шилжих, дэвших үед дараагийн хүндээ төвөггүй ажлаа шилжүүлэх боломжтой байснаар таны шинэ адал явдал эхлэх боломж бүрддэг.
Сүүлд хийсэн маркетингийн кампанит ажлаасаа хуваалцвал, цар тахлын үеэс болоод бидний олон хайртай бренд, байгууллагууд үйл ажиллагаа нь доголдоход хүрсэн.
Бидний хувьд байгууллагын зээлийн бүтээгдэхүүн гаргаж байгаатай холбогдуулан байгууллагуудад чиглэсэн кампанит ажил эхлүүлсэн юм.
Сошиал орчинд хэрэглэгчдийг өөрсдөөсөө нэг ч төгрөг гаргах боломжгүй байсан ч хэрхэн хайртай брендүүдээ дэмжиж болох талаар уриалгыг амжилттай давалгаалуулсан.
Жишээлбэл: Таны дуртай кофе шоп байлаа гэж бодоход Фэйсбүүк дээр постуудыг нь бусдад түгээх, талархсан сэтгэгдлээ комментоор илэрхийлж болно шүү дээ.
Миний санал болгох ном: Unlocking Customer Value Chain, Thales S. Teixeira, Greg Piechota.