Анх агаарын тээвэртэй холбоотой бүхий л зүйлс сонирхлыг минь татаж 2015 онд тус компанид тийз захиалгын ажилтнаар ажиллаж эхэлсэн юм.
Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг 300+ авиа компаниудын өдөр тутамдаа мөрдлөг болгодог журмын жишгээр ажиллах нь маш сонирхолтой бөгөөд хариуцлагатай санагдаж байсан.
Манай компани нь агаарын тээвэр, тэр дундаа аяллын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг нэгтгэсэн олон улсын систем буюу Global Distribution System дээр ажилладаг.
Уг системийн давуу талыг тоочвол тоймгүй их.
Цагаан хоол, цавуулаг агуулаагүй хүнс хэрэглэдэг эсвэл нярай хүүхэдтэй зорчих тохиолдол гээд хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээнд зориулсан аяллыг санал болгодог.
Үүгээр зогсохгүй дамжин өнгөрч буй хотдоо нислэг хоорондын цагаас хамааран үнэ төлбөргүй зочид буудал, лоунж, фитнес, хотын аялал гэх мэт үйлчилгээнд хамрагдах бүрэн боломжтой байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тийз гэхээр ганцхан онгоц руу нэвтрэх тасалбар гэж хүмүүст ойлгогдох нь түгээмэл.
Мөн хэрэглэгч үйлчлүүлэгч нараас хамгийн их ирдэг асуултын нэг бол тийзийн үнэ байдаг.
Нэг чиглэлийн нислэг бүрд хямд үнэтэй суудал тодорхой хязгаартай байдаг учраас аяллаа эрт төлөвлөж, эрт суудлаа захиалсан зорчигч тэр хэрээр хамгийн хямд тийзийг худалдан авах боломжтой юм.
Салхины хурднаас хамаараад хэчнээн литр шатахууны дүүргэлттэй хөөрөх, хэдэн тонн карго зөөвөрлөх, нийт онгоцны жин ямар байх гээд нүдэнд ил харагддаггүй нарийн тооцоолол бий.
Нэг чиглэлд олон өөр төрлийн тарифтай байдгийн цаана зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоолол, олон улсын нэгдсэн стандартууд шингэсэн байдаг.
Бид Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо буюу IATA-н албан ёсны эрхтэйгээр 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Борлуулалт гэдэг өөрөө бизнесийн гол цусан хангамж гэж боддог.
Борлуулалтын хэмжээгээр манай байгууллагын үр дүн хэмжигддэг учраас манай баг хамт олны харилцаа хандлага, үнэн, хариуцлагатай байдалд бидний гол үнэ цэн оршиж байна.
Цаг үеийн нөхцөл байдал манай салбарт хүнд цохилт авчирсан ч энэ цаг үеийг ашиглан бид цахим шилжилтэд төвлөрч, онлайн тийз захиалгын систем нэвтрүүлэхэд төвлөрөн ажиллаж байна.
Бид хэрэглэгчээс ирэх дуудлагыг 1800-1818 дугаар дээрээ төвлөрүүлэн хүлээж авдаг.
КоллПро системийг ашигласнаар дуудлагын төвийн ажилчид маань үйлчлүүлэгчдийг залгахад 24/7 дуудлагад хариулж хаанаас, хэзээд ч үйлчилгээ үзүүлэх боломжтой байдаг.
Мөн өдрөөр, сараар, улирлаар дуудлагын тайлангаа шүүж харах боломжийг бүрдүүлж байна.
Ярианы бичлэгээ хянаснаар дундаж захиалгын хугацааг хэрэглэгчдэд төвөг болохгүйгээр товчлох сайжруулалтыг мөн хэлэлцэж чадаж байна.
Бүтээмжтэй, алдаа бага гаргаж ажиллах дадлуудаасаа хуваалцвал:
1. To-do list хөтлөн хийх ажлаа эхлээд маш сайн ойлгохыг хичээж, ач холбогдлын дарааллаар ангилан, ажлын цагаа хийсвэрээр биш бодитойгоор хуваарилахыг хичээдэг.
Өнөөдөр 2 уулзалт амжилттай дуусгаж хамтран ажиллах гэрээ байгуулна, 10 имэйлд хариу бичнэ гэх мэт хэсэгчилсэн зорилтууд гаргадаг.
2. Үр бүтээлтэй ажиллахын тулд эхлээд утасныхаа аппликэйшнуудын мэдэгдлийг ажлын цагаар болон төвлөрөх шаардлагатай үедээ унтраачихдаг.
3. Ажлыг хойшлуулахгүй байвал овоорохгүй, тэр хэрээрээ эмх цэгцтэй байж чаддаг. Ямар нэгэн аргаар эхлүүлээд дунд ортол нь нүдчихвэл дуусгах үйл явц нь их хялбар санагддаг.
4. Зарим үед арга мухардсан, хийж байгаа ажил маань ахицгүй санагдах үед урам авах подкастууд сонсож, ажлаас түр хөндийрөх нь үр дүнтэй байдаг.
Харилцааны аргуудаасаа хуваалцвал:
1. Ажил хэргийн шугамаар анх удаа уулзалт хийж байгаа тохиолдолд уулзалтын зорилгын хүрээнд жижиг ч хамаагүй тодорхой шийдэлд хүрээд уулзалтыг дуусгасан байхыг зорьдог.
2. Хүмүүс өдөр тутамдаа олон уулзалт хийдэг учраас уулзалтаа үр дүнтэй байлгах үүднээс араас нь бататгаж имэйл илгээдэг. Мөн анхны сэтгэгдлийг хүчтэй үлдээхэд имэйл үр дүнтэй байдаг.
3. Харилцаанаас бүх зүйл эхэлдэг. Бусдыг аль болох сайн сонсон, тэдний үзэл бодлыг хүндэтгэхийн хажуугаар өөрийн өнцөгтэй хэрхэн уялдуулж болоход анхаарлаа хандуулах нь үр дүнтэй санагддаг.
4. Удирдлагууд, менежерүүдийн үйл хөдлөл, харилцаа хандлага нь багийн идэвх, эрч хүчтэй байдалд шууд нөлөө үзүүлдэг нь өөрт маань ажиглагддаг учраас бүх талаар өөрөөрөө үлгэрлэх, өдөр тутамд эерэг байх нь чухал.