Хүний нөөцийн салбар дотроо маш олон төрлийн мэргэжлүүд бий.
Миний хувьд сүүлийн 5 орчим жил сонгон шалгаруулалт буюу байгууллагын соёл, алсын хараатай нэг чигийн ажилд горилогчдыг анхны цөөн уулзалтууд, сорилуудаар олж илрүүлэх, ажилд урих, шинэ ажилтнуудыг ажилд нь нутагшуулах чиглэлээр ажиллаж байна.
Зөв хүнийг зөв цагт зөв ажлын байранд нь сонгохын тулд их тэвчээр, цаг хугацаа, мэдрэмж шаарддаг.
Сошиал орчинд хэрэглэгчдийн дагах дуртай Kleenex брендийн бүтээгдэхүүнүүд нь манай 900 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн нэг хэсэг юм.
Монголиан Стар Дистрибьюшн нь сүүлийн 20 жилийн турш өргөн хэрэглээний барааны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд миний бие 2018 оноос хойш тус компанид ажиллаж байна.
Би өөрөө олон төрлийн сонирхол, хоббитой учраас олон төрлийн чадвар, туршлагатай хүмүүстэй уулзаж ярилцахдаа тун дуртай байдаг.
Хүмүүс ямар ажил хийдэг байх нь хамаагүй, тухайн ажилдаа дурлаж, аз жаргалтай хийж чадвал ажлын бүтээмж нэмэгдэж, амжилт олох магадлал өндөр байдаг нь анзаарагдсан.
Ажлын ярилцлага хийхдээ баримталдаг арга барилуудаас хуваалцвал:
- Туршлага нэмэгдэх тусам хүмүүсийг анхны ярилцлагаар ямар төрлийн хүн болохыг мэдэрдэг болчихдог ч дан ганц совиндоо итгэж болохгүй, баримтаар баталгаажуулах хэрэгтэй.
- Сонгон шалгаруулалтын менежерүүд өөрийн өнцгөөс дүгнэлт хийж хүнээ сонгох тал бий. Тиймээс дүгнэлтээ хайрцаглахгүй байхын тул өөрийн сонирхлын бус мэдээ мэдээлэл, нийтлэл уншиж мэдлэгээ тэлэхийг зорьдог.
- Заримдаа шинэ хүн ажилд авах хугацаа давчуу байдаг ч тохирох хүн олдохгүй бол сонгон шалгаруулалтын хугацааг бага зэрэг хойшлуулсан нь үр дүнтэй.
- Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь буруу хүнийг буруу ажилд нь чиглүүлж болзошгүй учраас ярилцлагын үеэр маш их бичиж тэмдэглэж, дараа нь нухацтай тунгаан боддог.
- Ажилд горилж байгаа хүндээ эцсийн шийдвэр гаргахад нь хангалттай бодох хугацаа өгөхийг эрмэлздэг.
Борлуулалтын салбарт ажлын төлөвлөгөөний биелэлт зэрэг нь цэвэр багийн ажиллагаанаас хамаардаг.
Багийн нэг гишүүн доголдох үед бусад гишүүд тухайн хүний ачааг хуваалцах шаардлага гардаг учраас багийн уур амьсгал маш чухал.
Уур амьсгалыг тэнцвэржүүлэх зорилгоор манай байгууллагын хүний нөөцийн менежерүүд судалгаа шинжилгээ хийж, сайжруулалтуудыг ямагт хэрэгжүүлж байдаг.
Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын менежерүүд зөв хүнийг сонгодог байхаас гадна сайн ажилтнуудыг татъя гэвэл байгууллага өөрөө гадаад, дотоод олон асуудлуудад анхаарал хандуулвал үр дүнтэй.
Жишээлбэл: Байгууллагын нэр хүнд олон нийтэд эерэг байхаас гадна цалингаа цагт нь тавьдаг, ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдалд санаа тавих хэрэгтэй.
Дотоодын ажилтнуудын сэтгэл ханамж өндөр байвал хүний нөөцийн брендинг онц сайн байж, гаднын хүмүүст эерэг мессежүүдийг автоматаар түгээж байдаг.
Ажил хайж буй хүмүүс юунд дуртай, ямар ажил хийвэл аз жаргалтай хийж чадахаа тодорхойлчхоод ажил хайвал хүссэн үр дүндээ хүрч чадна.
Нэн ялангуяа дөнгөж сургууль төгссөн залуус маань эцэг эхийнхээ үгийг дагаад дургүй ажлаа сонгох хандлага бий.
Ментор буюу захирлаасаа сурсан хамгийн том сургамж бол тэвчээртэй, хүлээцтэй зан чанар юм.
Эцэст нь хэлэхэд таныг хамгийн сайн мэддэг хүн та өөрөө учраас өөрөө өөртэйгөө маш сайн тулж ажиллах хэрэгтэй.
Би өөрийнхөө зан хандлага, ур чадварт дүгнэлт хийсний үндсэнд өөрт дутагдаж байгаа хэрэгтэй ур чадвараар буюу санхүүгийн чиглэлээр магистрын ангид сурч эхэлсэн.
Цаашид програм хангамжийг судалж, код бичиж сурна гэж хүртэл төлөвлөж байна.
Хүн дуртай зүйлээ хийж чадвал цагаа зөв хуваарилж, гэр бүл, ажил мэргэжил, хувийн сонирхол гээд бүх зүйлд цаг гаргаж чаддаг юм билээ.