Өвөл, зуны амралтаар Дэнжийн мянгын зах дээр хүнсний худалдааны хэсэгт бөөний худалдаа хийгээд нэлээн дадлагажсан байсан.
Тухайн үед хүмүүсийн сайн мэдэх ширхгийн задгай өрмөнцөртэй вафль, бонпари чихэр, бохь, польш ирис зэрэг бараанууд их эрэлттэй байлаа.
Үүний дараахан 2000 онд оюутан болоод Од кино театрын дэргэдэх анхны БОСА нэрийн дэлгүүрт худалдааны зөвлөхөөр албан ёсны ажлын гараагаа эхэлсэн үеэс хойш компанидаа ажиллаад 21 жил болжээ.
Тухайн үед оюутан хүнд гэлтгүй бусад хүмүүст ч ажлын байрны олдоц ховор байсан болохоор тэр үү давхар касс, нярав гээд салбарынхаа бүхий л ажлуудад оролцдог байлаа.
Манай компани байгууллагын нэрийн брендинг, маркетинг бараг хийдэггүй ба бүтээгдэхүүнүүдээрээ танигдсан учраас зарим хүмүүс ихэнх үйл ажиллагааг мэддэггүй.
Бид өдөр бүр Монголын өнцөг булан бүрд үйлдвэрлэсэн болон импортолсон бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэн хэрэглэгчидтэйгээ хамт байсаар өдгөө 25 жилийн ой энэ жил тохиож байна.
Аливаа бүтээгдэхүүн, борлуулалтын өсөлт бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт оршдог, чанартай бүтээгдэхүүн нь тодорхой хэмжээнд өөрийгөө борлуулах чадвартай байдаг гэж үздэг.
Ерөнхий захирал гэдэг хүний үндсэн үүрэг, хүлээх хариуцлагаас жишээ болгон дурдвал:
- Бидний залуу үе ур чадвар, мэдлэг боловсрол өндөр, хурдтай байдаг. Үүн дээр удирдлагуудын зүгээс сайн, муу туршлагаа хуваалцах, зорьсон төлөвлөсөн ажлуудыг нь зөв чиглүүлж зөвлөх хэрэгтэй болдог.
- Компанийн эзэд буюу ТУЗ, хөрөнгө оруулагчдын компаниасаа хүлээж буй хүлээлт, алсын харааг 600 гаруй ажилтнууддаа уламжлан дамжуулах, нэг зүгт хардаг болгох нь чухал.
- Шинэ бизнесийн боломжуудыг хамтдаа илрүүлэх, хэрэгжүүлэх нөхцөлөөр хамт олноо хангах.
Хамгийн амжилттай төслүүдээсээ жишээ дурдвал:
- 2016 онд Монголын эмэгтэйчүүдийн хамгийн хүсэмжит брэнд хэмээн судалгаагаар гарсан Michael Kors брэндийн франчайз эрхийг авч, Монголд албан ёсоор дэлгүүрээ нээсэн үйл явдал нь анх манай багийн ч санаанд багтаагүй.
Үүнээс манай баг боломжгүй зүйл байдаггүй учраас чадна гэж зориг шулуудсан ажил биеллээ олж болдгийг сурсан.
- 2019 оноос хэрэгжиж эхэлсэн масс хэмжээгээр үйлдвэрлэдэг чихэр, амттаны үйлдвэр болох МонКонди-г энэ жил зах зээлд танилцуулсан.
Монгол улсад нийт чихрийн 97% нь импортоор орж ирдэг бөгөөд бид импортыг орлох зорилгоор өөрсдийн олон жилийн борлуулалтын туршлагыг ашиглаад орос технологиор чихэр үйлдвэрлэж эхэлсэн.
- Тэрэлж байгалийн эрдэст усны захиалга, борлуулалт дээр КоллПро болон бусад хэрэглэгчидтэй харилцах цахим системүүдийг нэвтрүүлж өдрийн 2000-3000 захиалгыг гуравхан захиалгын ажилтантайгаар хүлээн авч, зах зээлийн 45%-ийг эзэлж байгаа юм.
- Ковидын цаг үеийн нөхцөл байдал нөгөөтээгүүр биднийг онлайн сувгийн борлуулалт, ажилтнуудын уян хатан ажиллах нөхцөл, гадаадын хамтрагч компаниудтайгаа нэг ч нүүр тулж уулзахгүйгээр бүхэл бүтэн брэндийн нээлт хийх гээд олон боломжуудыг нээж харахад дэм болсон.
Ажилтнуудаа удирдан зохион байгуулах аргуудаасаа хуваалцвал:
- Ажилтнуудын тогтвор суурьшилд анхаардаг бөгөөд энэ нь зөвхөн байгууллагадаа гэхээс гадна тухайн ажилтанд нь ч урт хугацаандаа давуу талтай байдаг.
Жишээлбэл: Бид “Баярлалаа Ээжээ” буюу цалинтай ээж аяны хүрээнд ажлын тогтвортой байдал, сэтгэлзүйг нь дэмжиж байдаг ээж, аавуудад нь талархах зорилгоор ирэх онд гэхэд л хагас тэрбум гаруй төгрөгийг төсөвлөөд байна.
- Групп компани болохоор дотроо шилжилт хөдөлгөөн, карьер хөгжлийг маш их дэмждэг. Учир нь нэг байрандаа удаан байсан ажилтныг өөр ажилд, өөр орчинд шилжүүлэхэд бүр илүү цойлоод гараад ирэх тохиолдлууд бий.
- Олон хүнтэй компанид ч нэг хүн бүрийн оролцоо чухал байдаг. Тиймээс бүтээмж буурсан эсвэл технологи хөгжихийн хэрээр хэрэгцээгүй болсон ажлын байрууд дээр тогтмол сайжруулалт хийж, арга хэмжээ авч байдаг.
- Ажилтнууддаа зөвлөгч нь байх ёстойгоос харах өнцгийг нь хязгаарладаг, хийх ажлыг нь хойш татдаг удирдлага байж болохгүй гэж үздэг.
- Нэг ч сөрөг сэтгэгдэлгүй санааны ард нуугдмал эрсдэл байдаг гэж боддог. “Тархины шуурга” хийхдээ сөрөг санаануудыг аль болох олноор гаргаж ирэх аргыг баримталдаг.
Удирдагч хүнд мэдрэмж болон зөв хандлага хамгийн чухал гэж боддог.
Ажилтнууд, зах зээл, өрсөлдөгч, тухайн үеийн нөхцөл байдлыг мэдрэхээс гадна өнгөрсөнд дүгнэлт хийж, ирээдүйг оновчтойгоор төлөвлөж, одоо цагт мэдрэмжтэй шийдвэрүүд гаргах нь чухал.
Мөн аливаа хүнийг удирдлагаар томилж байгаа бол хандлагыг нь хамгийн түрүүнд анзаарах хэрэгтэй. Мөн хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх манлайллын чадварыг сайтар шинжих нь чухал.