
Харилцаа холбооны салбарт технологийн шийдэл нийлүүлэгч CallPro компани Rakuten Viber-ийн албан ёсны түнш болж, Монгол улсын хэмжээнд Rakuten Viber платформын бүх төрлийн мобайл сурталчилгааны бүтээгдэхүүнийг худалдаалах онцгой эрхтэй төлөөлөгч боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд монголын зах зээл дээр Viber платформын Mobile Native Ads, Sticker Ads, Branded Gems гэх мэт сурталчилгааны шинэлэг форматууд нэвтэрч байна.
Бизнес эрхлэгч та бүхэнд Монгол улсад өргөнөөр хэрэглэгддэг мессеж платформуудын нэг болох Viber дээр суурилан шинэлэг сурталчилгааны аргуудаар зорилтот хэрэглэгчдээ оновчтойгоор хүрч, үр дүнгээ бодитоор хэмжих боломжууд нээгдлээ. Түүнчлэн сурталчилгааны төлөвлөлт, гүйцэтгэлтэй холбоотой бүх төрлийн тусламж, үйлчилгээг эх хэлээрээ шууд авах боломжтой.
Энэхүү хамтын ажиллагааны тухай КоллПро ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Тулга хэлэхдээ:
Бид Rakuten Viber-ийн Монгол дахь онцгой эрхт борлуулагчаар томилогдсондоо туйлын баяртай байна. Rakuten Viber бол манай улсын томоохон дижитал платформуудын нэг бөгөөд энэхүү түншлэл нь Монголын бизнесүүдэд дэлхийн жишигт нийцсэн мобайл сурталчилгааны шийдлийг хүргэх боломжийг бидэнд олгож байна. Бизнесийн байгууллагууд дунд үр өгөөж өндөртэй, мобайл орчинд суурилсан сурталчилгааны эрэлт хэрэгцээ ихсэж буй энэ үед Rakuten Viber-тай хамтран энэхүү өсөлтийг манлайлан ажиллахдаа бид бэлэн байна.
Харин Rakuten Viber компанийн Сурталчилгааны шийдэл хариуцсан захирал Жан-Марк Аломассор хэлэхдээ:
Rakuten Viber-ийн хувьд Монгол улсыг идэвхтэй хэрэглээ өндөртэй, сурталчилгаа явуулах хэрэгцээ шаардлага ихтэй чухал зах зээл гэж харж байна. Зах зээлээ сайн мэддэг, найдвартай түншээр дамжуулан байр сууриа улам бэхжүүлэх боломж ийнхүү бүрдлээ. CallPro компани Viber-ийн бизнест зориулсан үйлчилгээнүүдийг улс орондоо амжилттай таниулж, та бүхэнд өндөр үр дүн, үнэ цэнийг бий болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Rakuten Viber Business болон Viber Ads үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй шууд холбогдоорой. Бид танай бизнесийн зорилгод нийцсэн сурталчилгаа, хэмжигдэхүйц үр дүн бүхий шийдлийг санал болгох болно.
Утас: 7272-7070
И-мэйл: info@callpro.mn


